Элсэн далай
2009 оны 09-р сарын 22 Нийтэлсэн 3apaa
Олон жилийн өмнө интэрнэт дээр тавигдсан байсан ухуулгын хуудас оройруу орж байна... Сайн санахгүй байгаа ч "ус нь урсахаа байгаад ан амьтангүй хувхайрсан цөл болсон байхад мөнгийг ууж, алтыг идэж болдоггүйг ухаарна даа" гэсэн утгатай байсан билээ.
Тэр үед нь хэдийгээр ухаарч ойлгож байсан ч байгаль эхээ хамгаалах сачий минь дутагдаж хий дэмий халагласан сэтгэгдэл үлдээхээс илүү юм хийж чадаагүй минь тун харамсалтай.
Тэр
цагаас хойш байгаль дэлхий нүдэн дээр минь л шуламсанд илбэдүүлсэн мэт
хувьсан өөрчлөгдөж хувхайрч сайршаад, үржил шимгүй хөрс, элсний
нүүдлээр элбэгшижээ. Хуучин цагийн хангай газрын тухай домог мэт хууч
яриа мөрөөдөлд умбуулахад нүүрэнд минь инээмсэглэл тодорч байдаг болсон.
Нүүрс шиг хар шороо, элсээр нүүр нүдгүй шуурч гэрээсээ цухуйх ч аргагүй болжээ. Цай хоолонд урилгагүй
жор
нэмэгдсэн нь элс. Анх хэн хоолонд минь элс шороо хийгээд байгаа тухай
асуудал үүсгэж эхнэрийн заваан хоол хийдгийг гайхаж аргаа бардаг байсан
боловч нийтийн хоолны газрууд хүртэл элс шажигнасан хоол өгөөд ирэхээр
учрыг нь олж билээ. Одоо ч дасчдээ. Хуучин цагт бол говьд л элстэй хоол
иддэг байсан тухай хууччуул ярих юм.
Намхан
байшингууд элсний нүүдэлд дарагдаж хуучин цагийн траншейныхан шиг
дээрээсээ ордог болсон бөгөөд шөнийн шуурганд хунгарласан элс хаалга,
тооно дарчихаад өглөөдөө гэрээсээ цухуйна гэдэг хүнд асуудал. Дээрээсээ
ордог элсэнд булаатай байшинг "тоонон хаалгат" гэж нэрлээд нилээд
уджээ. "Тоонон хаалгатууд" өдөр ч бай шөнө ч бай гэрэл үздэггүй. Цонх
хийгээд ч нэмэргүй, элсэнд дарагдчихна.
"Тоонон
хаалгат" хэдэн айл сураггүй алга болоод аврах ангийнхан хэд хоног хайж
ухсаны эцэст өлсөж үхэхийн даваан дээр байсан хэдэн хүнийг аварсан
тухай мэдээллэв. Өндөр яндантай байсан тулдаа агаар солилцож амь гарсан
тухай аврагдагсад ярьж байхдаа нүдэнд нь тэр гэхийн тэмдэггүй айдас
хургасан харагдлаа. Яндан гэснээс, тоонон хаалгатуудад "яндан
уртасгагч" зардаг шаггүй ашигтай бизнес дэлгэрсэн. Яндангаа уртасгахгүй
бол элсэнд дарагдан агааргүйдэж үхэх тул хоол унднаас дутуугүй чухал
хэрэгцээ. Нэг метр яндан уртасгагч 10 лирт усны үнэтэй.
Юмны
үнийг усаар хэмждэг болсоноос хойш ус зардаг хүмүүс л хамгийн том
баячууд. Ядаж байхад хоорондоо үгсэн хуйвалдаад үнээ зэрэг нэмж засаг
төр, ард түмнээ сандралдуулан бужигнуулна.
Зайлуул шаварт унасан шарын эзэн гэгчээр Засгийн Газар, Улсын Их Хурал маань усны үнийн хөөрөгдөлийг зогсоох гэж шар махтайгаа хатаж гуйж нэг үзнэ, уурлаж нэг үзнэ, татваргүй болгож бас нэг үзээд олигтой шийдвэрт хүрээгүй хуралдсаар...
Цаадуул нь бас аргагүй байдал яриад л. Хойд хөршийн Байгаль далайгаас ус импортлох тал дээр хүндрэлүүд байнга үүсээд байдаг л гэнэ, татвараа нэмдэг л гэнэ. Байгаль далай хүртэл ширгээд зарим газраараа хилэм загаснууд нь ангалзаад үхэж байгаа л гэнэ. Бизнес хийж байгаа юм хойно ашиг боддог л байлгүй хөөрхий. Аргаа бараад өмнөд хөршөөс ус импортлох гэхээр хуурамч, хулхи ус холиод байгаа сураг чих дэлсээд авсан. Хятадууд ч муу юмандаа сайн цуснууддаа.
Оюу-Толгойд
ажиллахаар явсан дүү маань хэдхэн жил ажиллаад уурхайн нөөц дууссан
гээд цомхотгогдоод ирж байгаа. Оюу-Толгой маань онгойсон хар нүх л
үлдсийм байх. Хэд хоногийн өмнө утсаар ярихдаа Оюу-Толгойн тухай, уул
уурхайн мэргэжилтэй хүнд ажил олдохоо байгаа тухайгаа ярилаа. Уул
уурхайн сургуулиудын сургалтын төлбөр хамгийн хямдхан нь ч байсан гэсэн
оюутан олдохгүй болсон учрыг тайлав. Гүйээ нээрээ хаана ажиллана гэж
нөөц нь дууссан салбарын мэргэжилтэн болж байхавдээ.
Монголд газрын баялаг гээд байх юмгүй болсон ч гэсэн Эрдэс Баялагийн сайд маань харин шилний үйлдвэрт элсээ экспортолж хэдэн тонн ус авчирах юм гэсэн шүү. Буурлын маань буян их юм зайлуул. Бүх хэвлийг нь сийчээд хамаг баялагийг нь дуусгасан ч элс нь хүртэл бидэнд өл залгуулах юм даа. Чингис хаан маань биднийхээ ингэж хөглөж байхыг харвал яасан их гомдох болоо хөөрхий.
Дасал болсон таагүй бодолдоо дарагдаж байх зуур догшин элсэн шуурганд цонхны муудсан түгжээ мултарч саван тас хийх чимээ гарч онгойхдоо олон жил ороогүй бороон дуслууд биенд минь сэрүү татуулан орлоо. Цочин сэрвэл хөнжил, дэрээ хөлөрч халууртлаа тас зуураад хар дарсан байлаа. Гал тогооныхоо өрөөнд орж цорго нээн цэл хүйтэн усыг ханатлаа залгиллаа. Гадаа зөөлөн бороо шивэрч, онгорхой орхисон нээлхийгээр намрын чийгтэй шөнийн цэвэр агаар сэнгэнэж байлаа.
"Өнөөгийн Монгол" нийтлэлийн уралдаанд зориулж бичив9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 272
Давжаа бананыхаа арьсыг
2009 оны 09-р сарын 08 Нийтэлсэн 3apaaҮер, Соном хоёр яах вэ, Зараа ах элдэв өвчин хууч гээд эмлэг домлого хөөж гүйсний эцэст чихрийн шижин гээч өвчнөөс болоод өөдлөхгүй байсан оношоо мэдэж эмчилгээ хийлгэн илааршаад сүрхий сэхэв.
Чихрийн шижин гэдэг өвчин сүүлийн үед ихэд залуужиж байгаа нь суудлын энтэртэйнмэнттай нягт холбоотой гэж мэдлээ. Компьютер, телевизорын хэрэглээгээ ухаалгаар хянаж байхгүй бол энэ өвчин хаалгыг чинь тогших болно л гэж мэдээрэй.
Стресс, хөдөлгөөний дутагдал, архи тамхины зохисгүй хэрэглээ, хоолны дэглэм алдагдах гээд сүүлийн үед залуусын дунд ихэд ажиглагдах болсон ахуйн сөрөг үзэгдлүүдээс үүдэлтэй энэ хорлонтой өвчнийг идэвхитэй хөдөлгөөн, хоолны дэглэм, ухаалаг хэрэглээ, цоглог байдлаар ялж болох тухай эмчийн зөвлөсний дагуу машин унахаа больж, мах өөхөө багасгаж, явган алхаж, ярвайлтыг мартаж, архи тамхийг хаяж авгай хүүхнийг жигшиж гсн :P (сүүлийнх нь худлаа шүү) ихэд дээрдэв.
За тэр ч яахав. Шинжилгээгээ өгөөд сайхан хариу авсандаа гялайж банана хашрааж өөрийгээ шагнахаар жимсний саравч таараасай гэж бодохуй дор бодлыг минь тааж мэдсэн юм шиг булан тойрох төдийд шаргалтан үзэгдлээ.
-Банана хэд үү?
-500...
-Нэгийг!

-Аанхн... Алийг нь авах уу?
-Наад томыг нь авна! (Яасан аятайхан цэвэрхэн том самар вэ?)
-Самар хэд үү?
-400... Авхуу?
Иймэрхүү яриа болж өнгөрсөний эцэст Зараа ах гартаа бананатай хармаандаа самартай алхаж явахдаа анх харсанаасаа илт жижигхэн банана авсанаа анзаарлаа. Шар саравчнаас нэгэнт холдсон тул давжаа бананыхаа арьсыг дурамжхан хуулж хаяад амандаа ганцхан чихэж орхихыг хөндлөнгийн хүн харсан бол Кинг-Конг банана ингэж иддэг байх гэж бодогдохоор байв.
Бананаа бараг бүхлээр нь ууртайхан залгичихаад хармайлсан самраа имрэв. Бас л жижигхэн нь аргагүй самар байх нь хуруу, уруул, шүдэнд илтэд мэдрэгдлээ.
Бодлоо... Би их өсөж том болсон болоод банана ч самар ч давжаа санагдсан байх? Үгүй ээ... Хөгшин хар юм өснө гэж юу байхав. Ийн бодол болох үед өөр нэгэн жимс зардаг саравч таарч энэ дэлхий дээр том том бананууд байдгийг үзүүлэн миний бодолд хариу барив.
Жимсний худалдагч эгч жижкээн амьтан байж! Тэгэж таарлаа... Зальтай амьтан! Тэгээд л самар ч тэр банана ч тэр их том харагдсан байхнээ!!! Энэнээс хойш худалдагчийн биеийн том жижгийг харж байж худалдаа хийж байхаар өөртөө тангараглалаа.
64 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 603
Үер
2009 оны 07-р сарын 17 Нийтэлсэн 3apaa14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 309
Би буруу яриад байна уу?
2009 оны 07-р сарын 09 Нийтэлсэн 3apaaЕрөнхийлэгчийн сонгуульд хамаг анхаарал юугаа тавиад туучихсан байсан нөхдүүд сонгууль дуусахад "Ард түмэн"-тэйгээ хамт сая л нэг амсхийх шиг болов. Ялагдсан коммунистад бялдуучлаад байсан алдартнуудыг одоо бодохоор их л өрөвдөлтэй санагдаад байгаа. Гэрээсээ гараад явахдаа л нэг их хачин царай гаргаал эвгүй байдаг байхдаа? За тэр хүний мууд дурлах ч яахав... Наадам ч айсуй. Хүмүүс налайгаад л...
Дарга нар тайвширч дууссан бололтой "Эх орны хишиг, эрдэнийн хувь" гэх зэрэг асуудлуудаар наадамд ухаанаа тавиад туучихсан ардуудынхаа ар хударгаар их л сүрхий царай эсгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр загнаад байгаа занаад байгаа нь мэдэгдэхгүй ажил хэрэгчдэж эхлэв. Анхаарал сарнисаныг далимдуулж сэргэлэнтээл айн? Чоно борооноор гэж... Хоёр ашигтай хувилбарын хамгийн ашигтайг нь сонгочихлоо шүү. 35 хувь бла бла гэнээ... 100% юмны 35% авна гэдэг чинь 65%-ыг нь тавиад туунаа гэсэн үг биздээ? Би буруу бодоод байна уу?
Хүн болгонд таардаг шийдвэр байдаггүй ч гэх шиг. Юу гэсэн үг вэ яг? Өөртөө таарсан шийдвэрийг дэмжих нь зүйн хэрэг боловч элэнц өвгөдөө боддоггүй юм аа гэхэд алс ирээдүйгээ зөгнөөд үзээсэй. "Муу новшоо!!! Май чи!!!" гээд цонхыг чинь хагалаад тайван суулгахгүй бол сайхан байх уу?
Ерөнхий сайд нь хүртэл "Эрсдэлийг сааруулахын тулд бид бусад ашигт малтмалаа ашиглаж эргэлтэд оруулах шаардлагатай" гэж аргаа барсан юм ярьж суух юм... Төрийн толгойд ганц ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй аавын хүү байхгүй юм гэж үү?
Миний биелэгдэшгүй мөрөөдлөөр бол ашигт малтмалаа байсан байранд нь Чингис хааныхаа хүлээлгэж өгсөн янзаар нь хадгалаад, мөнгө олох өөр олон аргуудаас сонгоод ажил хэрэг явуулах хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгвөл нөгөө гень сайтай, гадаад хэл гаргууд сурдаг авъяастай Монголчууд подхийтэл амьдраад явчих чадалтай гэдгийг гадаад оронд олон олноороо дүрвэгч элэг нэгтнүүдийн амьдралын жишээнээс харах боломжтой. За бүр болохоо байлаа гэсэн нөхцөлд нөгөө газрын баялагаасаа чимх чимхээр ашиглаж амь тээж болох биз мөн үү?
Одоо оройтоогүй дээрээ "Чингис Хааны сүнсээ сүүпэр сорри!" гэж уучлалт гуйгаад Айванхо Майнуузаа нутагруу нь үлдэн хөөчихвөл нүгэлгүй үлдэнэ гэж бодогдлоо.
За миний л хувьд "Хишиг, Хувь" энэ тэр гэх хулхин дээр ургуулсан цэцэгнээс чинь хүртсэн болж өвөг дээдэс болон хойч үеийнхээ өмнө нүгэл үүрэхгүй.
Аа тийм! "Ард түмэн" гэдэг үгийг шунаг тачаалдаа хүрэх гүүр, муухай нүүрээ хамгаалах бамбай болгон ашиглахаа болиорой.
Ум амгалан болтугай!
18 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 369
Эмнэлгийн сонин
2009 оны 06-р сарын 08 Нийтэлсэн 3apaaЗараа ах идэх уухаасаа болж элдэв асуудлуудад орооцолдчих гээд байдаг юм. Тэр үнэн... Чацарганы шүүс ховдоглож явж хордоод үхэх шахав. Хэдэн бичлэг нэмж хэд хоног илүү блог хөтөлчихмөөр, хэрзгэр охиндоо харагдаж баймаар, Хэнтийд очиж Дэлүүн Болдогийг хармаар, хэтэрхий сайхан энэ хорвоотой зууралдмаар байсан болохоор гутлын улаа улайстал эмнэлгээр явлаа.
Эмнэлгүүд маань бас л аймаар байна шүү. Онош мэдэхгүй байж гэдэс л таарвал хага татаж дадлага хийчих гэсэн эмч нар л байх юм. Онош тавьдаг төхөөрөмжгүй, байсан ч оношоо халтар хултарддаг, оношоо тавьсан ч эмчилгээгээ мэддэггүй бие биерүүгээ ангайсан эмч нараар дүүрэн эмнэлгүүд аварга том мангасын ангаахайнуудын үүр шиг санагдлаа.
“Боломжтой” өвчтөнүүдийн зах зээлээ Хужигистанд хэтэвч дүүрэн мөнгөтэй нь үдэж байгаа гол шалтгаан нь энэ бөгөөд, ядарсан мань мэт нь эндээ энэ хэдтэйгээ ажин түжин. Хүзүүндээ чагнуур хэмээх сондор зүүж, “чухал царай”-гаар нүүрээ будсан эмч хэмээх цагаан халаадтан таарвал хажуудахдаа “Зугтаарай!!!” гэж тусламаараа.
За харин мэргэжил нэгтнүүдийг нь шүүмжлэхтэйгээ болгоод тавьчихсан эмч нартаа талархахгүй бол волохгүй. Эмч хүн жаргалын ээж ээ на на на...
Оношоо тодруулах гэж эмнэлэг хөөсний эцэст бас ч гэж муучгүй танил тал таталж байж 2 дахь өдрийнхээ бүрий болохын алдад нэг хувийн эмнэлгийн бараа харлаа. Тамирдаж талимаарсан амьтан ор хараад шууд унаад өгөхийн түүс. Хэсэг хэвтэж амсхийсний дараа эргэн тойрноо ажвал, хэвтэж буй өрөөнд минь 4 ор байрлуулжээ. Намайг ирэхээс өмнө нэг өвгөн хоёр залуу эмчлүүлж байсан бололтой. Өвгөн насаараа хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, 70 гаран настай, өндөр шар хүн байх агаад тун чиг хөнгөхөн шингэхэн нөгөө хоёртойгоо тоглоом шоглоом хийж зугаацсан шиг хөгжилтэй хүн юм. Нимгэн шар арьс нь хөгширсөн хүнийх гэдгээ илэрхийлж байсан ч үе үе хөдөлгөөнд орж зангирч тавирч байгаа булчин шөрмөс нь мань өвгөн ануухаан байна гэдгийг өгүүлээд ч байх шиг.
Өвгөн Ху намыг дэмждэгээ бараг л миний нэрийг асуухаасаа өмнө надад ойлгуулсан болохоор нь “Ху Нам” гэж нэр хайрлав. Өвгөн ч түүндээ их дуртай байх шиг... Зөрүүлээд манийг Ардчилсан намын ямрымаа гэсэн бэ?
Нөгөө хоёр нь насаар надтай ойролцоо харагдах залуус өвчин шаналгаа нь нилээд илааршсан янзтай мөн л хөгжилтэй маазарцгаасан хүмүүс байлаа.
Миний ортой толгойгоор нь нийлүүлж тавьсан орны залуу хатгаа туссанаа мэдэхгүй явж байгаад нугасандаа оруулчихсан юм гэнэ. Хэнэггүй байрын залуу хэнэггүйгээсээ болоод бүр хүндрүүлчихсэн байх. Бие муу байсных юм уу юуных юм? Мань эрийн яриа ойлгоход хэцүү их хурдан шулганаж яриад байх шиг.
Хажуугийн оронд хэвтэж байгаа залуу зах дээр сэлбэг зарж хувиараа бизнес хийдэг, уг ажил нь нилээд ашиг өгдөг гэдэг нь хүзүүндээ зүүсэн зузаан шар алтан гинж, бандгар бор хуруунууддаа нэрийг нь мэдэхгүй том улаан шигтгээтэй орц ихтэй алтан бэлзэгс зүүснээс тодорхой харагдах ганган эр байна. 30 нилээд гарсан насны залуусын дунд зонхилох болсон хэзээ язаагүй хагачихнуу гэмээр том гэдэстэй мань эр бодигийн тамирчин өмсдөг дал ил гардаг хар өнгөтэй майк углаад, Америкийн далбаагаар хийсэн шарваар өмд өмссөн байх агаад хүзүүндээ “Мерседес Бенз”-ийн логог шивүүлсэн байх нь юунд донтдогийг нь илэрхийлж байгаа ч нэг л зохимж муутай харагдлаа. За лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай.
Харагдаж байгаагаасаа хамаагүй өөр даруухан ааш араншин гаргах нь мань хүний талаархи миний бодлыг нэг мөсөн тас цохиж байлаа. Бас л нас тодорхойлохдоо алдаа гаргасаныг минь түүнтэй хөөрөлдөж өнгөрөөсөн хоёр өдөр ойлгууллаа. 40 нилээд гарсан эр байжээ гэж. Түүний хурхиралтыг марташгүй. Сүүлд эмнэлгээсээ гарчихсан хойноо гадуур хувцастайгаа орж ирэхэд нь өмдний бүснийх нь толин дээрхи “Мерседес Бенз”-ийн логон дээр нүд тусч өөлөх юм нэгээр нэмэгдэв.
43 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 481
Таминээ ийм муу муухайгийн туйл болсон хоёр амьтны алийг нь сонгох вэ?
2009 оны 05-р сарын 21 Нийтэлсэн 3apaa15 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 480
Тамхиа гомдоосон Зараа
2009 оны 05-р сарын 01 Нийтэлсэн 3apaaАмралтын газраар хоёр найзын хамт "зугаалж"явахдаа өтгөн ургасан халгайн
бутанд
шигдсэн арван төгрөг байхыг олж бөөн баяр болов. Агент орж гурван
төгрөгний "Беломор Канал" хэмээх "пүүшиг" гурвыг авч үлдсэн мөнгөнд нь
нэг толгой шүдэнз авлаа... Эмээ өвөөгийнхөө нүднээс далдхан үхрийн
сараандаа булагнан авсан тамхиараа "тоглож" эхэллээ. Аргалын утаанд ч
удаахан зогсож үзээгүй сахилгагүй толгойнууд нэг нэг хайрцаг пүүшигийг
уушиглаж татаагүй ч ухаанаа балартуулж дөнгөжээ. Тэнгэр газар эргэлдээд
дэлхий арай хурдан эргээд ч байх шиг. Сүүлдээ пянгаа даалгүй газарт
унав. Хүн ирж яваа чимээ гарахад нүдээ нээвэл эмээ маань майжиганаад
надруу гүйж яваа харагдлаа. Босч зугтаах тэнхээ байсангүй. Баригдлаа.
Бургасдууллаа... Тамхи намайг даажигнаж өөрийгээ гүйцэд таниулж байсан
түүх энэ.Тэр цагаас хойш оюутан том эр болтлоо татаагүйээ...Шилжилтийн нас гэж балай юмыг тойрч гарах боломжгүй тул дайрав. Хоолой ам нь бас шилжих гээд байсымуу зайлуул юм хум ярих үед нэг бүдүүн аав хоолойгоор дугараад л нэг болохоор нарийхан банди хоолойгоор солонгороод л байсан үе юм даг. Муухай солонгорсон хоолойгоор яриад байх ямар олиг байхав. Юм ярих тун ч дургүй болж байж билээ. Тэрнээс хойш юм ярих дургүй болчихсон байхаа. За тэр ч яахав.
Оюутан болоод том болчихсон хүн чинь күүл харагдчих санаатай олигтойхон уушиглачихаж чадахгүй байж "BT" гэгч Болгар тамхи асаан гангарч саранд хуцав. Энэ цагаас хойш хэн хэнийгээ нэг ч өдөр хаялгүй 17 жил болсон байх юм. Хэ цаг хугацаа гэж...
Тамхичин болсноос хойш миний хувьд ам хатаж ангадаг, хэл өнгөртдөг, танан цагаан шүд маань шарлаж өнгөртөж, юмыг мартахыг харин ч нэг үзүүлж чадаж байна, за тэгээл хуцуулж ханиалгана, цаашилбал мэнгэртэж цэр нустайгаа холилдох байлгүй гэх мэт тоолж баршгүй өөрчлөлтүүд орчихсон байх юм. Бүгд л нөгөө хамын маань сайн нөлөө.
Хийх юмгүй хүн юугаараа оролдоно гэдэг билээ? Зав зай ихтэй хийх юмгүй сууж байхаар тамхинаас гарч тоглодог юм билүү? гэж бодоод нөгөөхийгөө хаяж гомдоолоо.
Эхний хоёр өдөр бол аймшигтай... Арга ч үгүй биз. Болзолт рефлекс, өөрөөр хэлбэл дон болчихсон байсан тул нэгдүгээрт хороо үгүйлж хоёрдугаарт үйлдэлээ үгүйлж амьдын тамд унав. "Ганцханыг татчихаад л болъё!" гэх бодол бүхэл бүтэн хоёр өдрийн туршид толгойноос нэг ч хором салахгүй зовоож байлаа. Никотиноо үгүйлж нөгөө муу мартамхай тархи маань бас эргэж хөрвөж дайвалзуулж эсэргүүцэл үзүүлж ч байх шиг.
Энэ үед ганцхан "Өөрийгээ ялж чадах уу? аль эсхүүл иймхэн юм ч чадахгүй сул дорой амьтан уу?" бодлоор өөртөө тушаал өгч гүрийж байлаа. Татах оролдлогоо цуцлах тоолондоо өөрийгөө сайшааж урамшуулж байлаа. Нээх сүртэй бичээд байна уу даа? Надад бол аймаар л тэвчээр байлаа. Ах дүү амраг садангаасаа салахаас ч илүү хүнд байсан гэж батлаж ч чадахаар чармайлт гаргаж гүрийсэн. Эхний хоёр өдрийг давчихвал өнөөх дон чинь өөрөө туйлдаж эхэлдэг бололтой юм.
Дээр нь нэмээд өөрийгээ басамжилж эргэн тойрныхондоо "Тамхи таталгүй тэд хоног", "Тамхинаас гарчихлаа" гэх мэт сурталчилж байна. Татаж байхыг минь нөгөө хүмүүс маань харвал юу гэх нь тодорхой биздээ? Дараа нь өөрийгээ туршиж аль болох тамхи татчихаж болзошгүй газруудад очиж өөрийгээ сорьж байлаа. Сорилоо давмагцаа өөртэйгээ сайхан урамтайгаар ярилцаж урам өгнө. За нэг иймэрхүү. Ингээд намайг байнга хорлож тусалж байсан тамхиа гомдоон эргэж харахгүйгээр хаяж байна. Өнөөдөр тамхигүй 12 дахь өдөр маань болж. Гэхдээ ганц сорвол сорчихмоор л байна.
42 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 569
Хулгайч нарт
2009 оны 04-р сарын 10 Нийтэлсэн 3apaaБулаан хулгайлж олсон олз нь олз биш буй за
Бузар идшит хулгайч нохой ба муурнууд
Бултайтал цадавч нүүргүй явдал болой.
Эрдэнийн Сан Субашид. Хоёрдугаар бүлэг. Дугаар: 55
Өнөөгийн бидний нийгэмд энэхүү үг нилээд учигтай. Амьдралын хүндэд хэргээ тохогч захын хулгайчаас эхлээд бидний эргэн тойронд ч олноор үүрлэсэн нөхдүүдэд хамааралтайгаар зогсохгүй төрийн толгой дахь бидний нүдэнд өртөж хэл ам татлагч том луйварчинг ч хэлчихсэн үг шиг санагдлаа.
"Нэр хугарахаар яс хугар" хэмээх Монгол ардын зүйр үгтэй холбож ойлговол илүү тодорхой байх гэж бодлоо.
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 339
Өнгөц дүгнэлт буюу бушуу туулай борвиндоо
2009 оны 04-р сарын 09 Нийтэлсэн 3apaa
Миний нэг найз хөдөө орчуулганд явдаг байсан юм. Мань хүн архийг нилээн хангалттай зооглочихдог. Хөдөө явж байгаа хүмүүс зам хурдлуулах нэрийдлээр сархад зооглох нь хэвийн үзэгдэл. Нэгэн удаа замаа хурдлуулан согтуу унтаж явсан найз ам нь хув хуурай болоход ангаж үхэх шахсан амьтан сэржээ. Ам норгочих юм эргэн тойрондоо хайхад гайхал Кока Кола нилээд уугаад буцааж тагласан байдалтай харагдав. Хатаж үхэх шахсан амьтан цангаагаа тайлахаар хэд хэд балгаад ундаа биш шал өөр амт амтагджээ. Энэ бол тоормосны шингэн уусан түүх. Машинаа тэр дор нь зогсоож эргэж гаргахаар нилээд бөөлжсөн боловч бүгдийг гаргана гэж байхгүй нэгэнт оройтсон байсан юм.
Үүнтэй төстэй өөр нэгэн түүх.
Эмээ маань бараг 4, 5 наснаасаа тамхи татсан гэдэг юм. Аав маань ч бас тамхичин. Мань хоёр нийлээд утаан манан дунд ээжид загнуулаад сууж байх байдал их элбэг харагддаг байлаа. Архаг тамхичин хүн болгонд байдаг нэг төстэй шинж бол бүгшүүлэн ханиалгаж цэр нус ялгаруулах нь энгийн хүнээс хэд дахин илүү байдаг. Эмээ маань олон жил тамхи татаж архаг тамхичдын эгнээнд орсон гэдэг нь цэр нус нь дийлдэхгүйгээс харагдана. Бараг л таарсан болгондоо нөгөөх ялгаруулсан юмаа хаяж байдаг байлаа. Татаж дууссан тамхи, шүдэнзний хайрцаг гэх мэт. Аав нэгэн удаа ширээн доор унасан байсан шүдэнзийг авч тамхиа асаахаар шийдээд нэгэн мартагдашгүй үйл явдалын хохирогч болсон юм.
Юу хэлэх гээд баахан янз бүрийн түүх яриад байна гэхээр, нэгдүгээрт ямарваа нэг үйлдэл хийхдээ бусдыг хохироох юм хийчихэж байгаа эсэхээ сайтар нягталж байх, хоёрдугаарт болгоомж санамсаргүй харалган хандаж өнгөц дүгнэснээс улбаатай таагүй явдлын хохирогч болуузай гэх гээд л будилаад байгаа хэрэг.
24 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 480
Сайн үгт эрдэнийн сан
2009 оны 04-р сарын 07 Нийтэлсэн 3apaa
"Урт Цагаан"-ы гудманд байрлах номын захаар үе үе шагайх дуртай. Тэнд элдэв шалдав хуучин, шинэ номууд их харагдах агаад хамгийн ихээр сэтгэл татсан нь жил гарангийн өмнө охиндоо уншуулах зорилготой 1000 төгрөгөөр худалдаж авч байсан "Сайн үгт эрдэнийн сан" буюу "Эрдэнийн Сан Субашид"
хэмээх
нэрээрээ Монголд алдаршсан оюун ухаан, сэтгэл санааг төлөвшүүлэх
увидаст уран үгс, үлгэрүүдийг багтаасан гүн ухаан сэтгэхүйн цар хүрээг
тэлэх шидтэй ном юм. Тус номын энэ хэвлэлтийг бага хүүхэд байхдаа
эмээтэйгээ хамт уншиж ухаанаа тэлж байсан минь сэтгэлд хоногшсон болоод
шунан дурласан бизээ.Уг номыг дүрсэлбэл, Үүлгүй хөх тэнгэр шиг цэнхэр хавтас дээр чимэг сэлтээр гангарсан хар зааныг пийпаа хөгжим баруун гартаа барин хөгжиж суугаа залуу хөвүүн унаж яваагаар дүрсэлж "Эрдэнийн сан Субашид" хэмээх үгийг угалзруулан гоёжээ.
Оршилыг
манай үеийг соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн өөрийн санаа оноо,
судалгаа шинжилгээндээ тулгуурлан бичсэн байгааг уншиж суугаагаа азтайд
тооцож сэтгэл ихэд баясан сууна.Тус ном худалдаанд гарахдаа 10 төгрөг 00 мөнгөний үнэтэй зарагдаж байсан байх юм. Одоогийн ханшаар 30.000-40.000 орчим төгрөг орчим юм гэж бодлоо.
Сүүлийн үед энэхүү номонд шунан ширээнийхээ номоор залж байгаа бөгөөд цаашид нийтлэлүүддээ сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн уран үгсийн цоморлогийг иш татаж нийтлэвэл блог уншигч эрхэмийн оюуныг цэнгээх буй за хэмээн мөхөс би сэтгэлээ.
Энэ удаад өнөөдөр нүүрлэн буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбон хүргэж болох хоёр гурван үгийг оруулбал цагаа олсон хэрэг болох байх гэж...
Алагч хаад ноёдоос зугтсан хүн
Аврагч ноёдод яаран шүтьюү
Адад баригдаж өвдсөн хүн
Арвис тарничийг шүтэн залбирах мэт
(Ойлгомжтой биздээ? 7 сарын 1 нүдэнд харагдаж байна. Гэхдээ чонын амнаас гараад барын аманд гэдэг үгийг сайтар санавал зохилтой байх.)
Өөртөө магад ирэх үйл явдалыг
Үйлдээгүй цагаасаа бодож мэдвэл мэргэн буй за
Үйлдэн дууссан хойно дэмий бодох нь
Үзтэл тэнэг хүний зан гэж мэдтүгэй
(Сонгууль өгөхдөө худал үнэн амлалтуудыг чандлан нягталж сонголтоо мэргэн болгоно бизээ. Өнгөрсөн хойно нь яаж ч бахираад нэмэр үл олох тул сэтгэлийн хөөрлөөр юманд хандахгүйг хичээвэл тэ?)
Эрдэмтэй болоод сайн хүнийг ноён болговол
Үүрд хэрэг үйлс бүтээд, нийтээр амаржъюу
Ээрлийг хангагч чандманыг тугийн үзүүрт тахивал
Энэ насны хүсэл бүгдийг хангах хэмээн алдаршсан мэт.
(Нэг новшийн юм битгий сонгочихоорой л гэсэн үг)
...гэх мэт.
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 329
Киноноос төрсөн бодрол...
2009 оны 03-р сарын 26 Нийтэлсэн 3apaa
Америк кино гоё шүү. Тэр тусмаа томчуудын тоглосон кино бол бүр ч мундаг.
TriStar компани Ronald Bass-ын зохиолыг, PJ Hogan найруулагчаар
найруулуулж гол дүрүүддээ Жулиэний дүрд Julia Roberts, Майклын дүрд
Dermot Mulroney, Кимигийн дүрд Cameron Diaz нарын тоглосон "My Best
Friends Wedding" инээдмийн уран сайхны кино 1997 онд нилээд
шуугиантайгаар нээлт хийж чамгүй ашиг олж байсан киног дахин нэг үзэж
таашаал авлаа. Энэ киноны хөөрхөн дууг САРМИС блогоос үзнэ үү. Сайн киног хүн хичнээн үзсэн ч уйддаггүй байх.
Киноны
гол утга санаа нь Жулиэний хайртай, хамгийн сайн найз залуу Майкл, Кими
хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэхээр шийдэж байгаа юм. Хайр сэтгэлээ
зөнгөөр нь тавиад туучихгүйгээр шийдэж тэмцсэн Жулиэн хоёр биедээ тэмүүлэх хайрын сэтгэлд аргагүйн эрхэнд дийлдэж элдэв эвгүй хөгжилтэй байдалд орж байгааг үзүүлдэг.
Ерөнхийдээ
хөнгөн инээдмийн хөөрхөн кино боловч сэтгэл зүйн хувьд бодууштай нилээд
чухал асуудал хөндөж чадсан хэсгүүдтэй. Жулиэний явуулгууд
бүтэлгүйтэхдээ бусдад томхон эрсдэл авчирч баларч байгаа хэсэг байдаг.
Сүүлийн дайралт болгож хайртай залуу Майклыгаа үнсэж байгаад Кимид
харагдах бөгөөд гомдсон Кими зугтаж араас нь Майкл түүний араас Жулиэн
хөөцөлдсөөр метроны буудалд очих үе зохиолын өрнөлийн дээд цэг.
Хайртай
бүсгүйгээ олох боломжгүй болсон Майкл хүлээлгийн урт сандал дээр бодол
болон суухыг олж харсан Жулиэн очиж уучлалт гуйхдаа өөрийгээ буруутган
элдэвээр хэлэн зүхлээ. Майкл үзэн ядсан янзтайгаар "Тийм ээ чи бол муу муухайн дээд!!! Гэхдээ намайг хайрласан энэ их сэтгэлд чинь баярлалаа" гэсэн үг хэлээд харц нь зөөлөрч байх юм..
Бидний
амьдралд яг ийм биш ч гэсэн үүнтэй жишигдэхүйц үйл явдал тохиолдох нь
олонтаа. Харин бидний амьдралд Майклын хэлсэн шиг ямар нэгэн таагүй
явдалын сайн талыг олж харан сэтгэж хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө
үгийн муухай, үйлдлийн бузраар нэг нэгнээ сэвтүүлэх явдал элбэг байх
юм. Түргэдээд байдаг юм болов уу?
22 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 456
Тэнэгтэл
2009 оны 03-р сарын 24 Нийтэлсэн 3apaa
Мөнгийг
яаж хайрлах ёстойгоо мэдэхгүй амьдралынхаа талыг өнгөрөөчихсөн хүнийг
та юу гэж бодох вэ? Өөрөө өөрийгээ ойлгох гэж мөн ч удаан бэдэрч байгаа
хүн олон байгаа биз.Нилээд хэдэн жилийн өмнө болсон явдал...
Ойр зуурын хэрэглээнд хэрэглэх Монгол мөнгө дууссан эр нэг зуун доллар солиулах шаардлага гарч бидний нэрлэж заншсанаар Хүнсний 1-р дэлгүүрийн зүүнтэй хаяа залгах Хаан Банкны салбарлуу орсон юм.

Нилээд орой болсон байсан тул хамгаалагч нь гүйдэг төмөр хаалгаа дуртай дургүй онгойлгохдоо дээрэмчин тонуулчин харж байгаа харцаар угтлаа... "Мөнгө солиулах гэсийн?!?" гэвэл хар цагаан үгний солиогүй эрүүгээ яйжийлган дотогш орохыг зөвшөөрөх мэт зангахдаа их л том тус хүргэж байгаа хүн шиг ярвайлаа...
Олон нийтэд үйлчилдэг газрын ажилтнууд амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал өндөр учраас уу? аль эсхүүл дээрэмчинээс хамгаалах зориулалттайгийнх уу? зузаан шилээр заагласан ширээний цаана улаан хацартай, ажлын ганган хувцасандаа халтардсан гэмээр нилээд хов живэнд дуртай шинжтэй теллер бүсгүй өөр нэгэн хамт ажилладаг бололтой ижилхэн ажлын хувцасаар гангарсан жүмбэгэр уруулаа хүрэн улаан өнгөтэй аргуун будгаар будсан хүүхэнтэй нүдээ аяганаас нь унагаах шахам бүлтэлзүүлэн шивнэн ярилцах нь даян дэлхийн дулааралыг зогсоох гарцыг олсон мэт харагдах аж.
"Мин дөө энэ зуун доолрыг задлуулж тавийг нь Монгол мөнгөөр солиулаад үлдсэнийг нь доллараар нь авах гэсийн!?!"... хэмээн нөгөө зуун доллараа сарвайвал өнөөх теллер маань залууг хүн байгаа чинээ тоож харалгүй яриагаа үргэлжлүүлэхдээ нилээд их зантай, бардам байдал гаргахыг хичээн хиймэл дүр эсгэх нь өөрт нь тун зохимжгүй харагдаж байлаа.
Хальт эргэн мөнгөний шүүгээндээ мань эрийн өгсөн мөнгийг хийж тавин доллар зөрүүлж аваад залуугийн урд чулуудлаа... Өөр нэг шүүгээнээс Монгол мөнгө нэг боодлыг аван баглааг нь урт хумсаараа зад татан шажигнатал нь тоолохыг нь харж зогстол авах мөнгөнөөс нь нилээд хол даваад явчихлаа... Зуун долларт таарах Монгол мөнгийг залуугийн урд тавиад нөгөө Дэлхийн дулаарлын тухай чухал яриагаа үргэлжлүүлэв...
Залуу тооллоо... Мань эр алдаагүй байлаа. Илүү өгчихөж... Эсхүүл өөрийнхээ мөнгийг эндээс тоолоод авчих гэсэн юм болов уу? Үгүй ээ... Залуу байдалд орчихоод юу хийхээ мэдэхгүй жаахан тээнэгэлзсэний эцэст нөгөө охинд хандан "Мин дөө дахиад нэг тоолдоо?!?" гэтэл яриаг нь тасалсанд ихэд дургүйцсэн бололтой хялалзан гараас нь мөнгөө шүүрч аваад их ууртайгаар хурдтай тоолж байхдаа мөнгөө урчих шахна... "Бүрэн л байшт!!!..." хэмээхдээ тун ч айхтар дошгин нүдээр хялалзав. Залуугийн ард хүн хоолой засахыг сонсоод эргэж харвал нөгөө эрүүгээрээ ярьдаг хамгаалагч энгэртээ гараа зөрүүлчихсэн хэзээ мөдгүй залхаан цээрлүүлэхэд бэлэн гэсэн утгат нүдээр цоо ширтэнэ.
Учрыг тайлбарлан илүү мөнгө өгсөнийг нь ойлгуулбал дошгин Дарь Эхийн царай час улайж түрүүний бардам дүр төрх нь салхинд хийсэх мэт алга болж жарвайтал будсан бүлтгэр нүдний нь гал алга болсон байх нь хоол горьдсон гөлөгний нүдийг санагдуулав. Амандаа нэг юм бувтнах нь "уучлаарай, баярлалаа ахаа" гэж байгаа бололтой юм.

Мань залууг Банкнаас гараад алхаж байхад дотор байдаг хоёр хүн нь хоорондоо маргалдаж байна.
-"Тэнэг хог!!! Илүү өгсөн мөнгийг нь чимээгүй аваад гарчихсан бол зөндөө мөнгөтэй болоод бурзайчихсан хэдэн муу уудаг найзуудыгаа хамт суучих боломжтой байсан шүү дээ!!! аль эсхүүл мөнгө үрэхийг хүсэж байсан өөр юунд ч зарцуулчих боломжтой байхаддаа!!!..." хэмээхэд
-"Нэг хүнийг хүнд байдлаас аварч, том сургамж хайрлах гэдэг чинь хэдэн халтар төгрөгөөр худалдаж авч чадахгүй том зүйл шүү дээ" гэж хариу барьж байх юм.
Залууд олдсон тэр илүү мөнгийг өөртөө үлдээх нь мөнгийг хайрлах арга зам мөн үү үгүй юу?
25 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 390
Зар
2009 оны 03-р сарын 19 Нийтэлсэн 3apaaХямрал дагаад блог бичдэг онгодшуу юм маань арилаад удлаа. Бичмээр санагдаад шинэ бичлэг оруулах санаатай хөмсөгөө атирааж, хамраа сартайлган хөмхийгээ зууж гарын арван хуруугаа үнэг шүүрэх гэж буй бүргэдийн сарвуу шиг болгож ирээд тэрүүхэн тэндээ гацаж нэг их удалгүй шаллл... гээд атирсан хөмсөг гурвалжлаад, сартгар хамар сулраад, хөмхийн булчин тавираад хий нь гарсан бөмбөг шиг болчихдог болсоор удлаа.
Өчигдөр зурагт хараад хэвтэж байтал урсдаг зараар "Домын аргаар архинаас гаргаж, ханийн заяа дуудаж, ажил төрөл бүтэмжтэй болгож үйлчилнэ. Хувь хүн, албан байгууллагын захиалга авч байна. Харилцах утасны дугаар: 8811...... " гэсэн зар явж байх...
Нийгэм хүнд байгаа гэж үнэн бололтой юм. Архичид олширч, архи ундааны дээж утгаа алдаад явчихсан бололтой юм. Тэр байтугай бүхэл бүтэн байгууллагаараа архинд орж, авгайгаасаа салцгаагаад улмаар ажил нь урагшлахаа байжээ дээ янз нь.
Дом гүрэм заслын билэг авъяастан өөрийн зорилтот зах зээл болох авгайгаасаа салцгаасан, ажил нь бүтэлгүйтсэн, архичид ихэд олширсоныг олж харж, судалж мэдчихээд дээрхи зарыг талбисан биз.
Хямрал нүүрлэсэн үед архи, реклам хоёр л дажгүй бизнес байдаг гэж сонссон маань үнэн гэдгээ батлаад байна уу? Сэтгэл санаа дорой хүн архи ууж л стресснээсээ салдаг биз... Дампуурчихгүй юмсан гэсэн бизнесүүд сурталчилгаанд мөнгөө цацдаг байлгүй.
Одоо мань домчин бөөн захиалга авчихсан ажлаа эхэлчихсэн язгануулж байгаагаас зайлахгүй.
19 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 336
Хямралхан
2009 оны 02-р сарын 23 Нийтэлсэн 3apaaЭнэ “Хүнд” үед бодоод үзэхэд гэмгүй зарим нэгэн жишээг цухас дурдвал:
Өдгөө бүх юмаа нэрээр нь нэрлэж хогийн саван дээр алдарыг нь дуурсгаж рекламдах нь холгүй шүтэн дээдлэх болсон цагтаа ХЯМРАЛЫН ХЯМРАЛЫГ ажиг ч үгүй давсанаар барахгүй ихийн эзэн сууж дэлхийг чичрүүлж байсан Их Эзэн Чингис хаанаасаа үлгэр дуурайл аваад сэтгэл зүйгээ хаттайхан байлгавал тэнгэр заяатнуудад энэ ХЯМРАЛХАН байтугай юу ч хумхийн тоосны чинээ нөлөө үзүүлэх тэнхээ хүрэхгүй нь тодорхой. Их эзний эрхэм алдарыг хогтой хутгалдуулсаныг минь өршөөнө үү.
Эр нөхрүүдээ цөллөгт үдчихээд хатуу хахир хавчлага, шахалт дор бүх амьдрал юугаа нуруундаа үүрэн байхдаа тонгойн гудайх нь байтугай бөхийгээчгүй Оросын Декабристуудын эхнэрүүдийн арми эр нөхрүүдээ асрамжлан асрахаар нүүр хагарч, нүд царцах хүйтэн өвлөөр араатан шүдтэний өлгий Сибирийн тайгыг явган нүцгэн довтолгож хуруу дарам цөөхүүлээ болон санасандаа хүрч байсан жишээг нэгэнтээ бодолхийлэн бүсээ чангалвал энэ сандаргаад байгаа ХЯМРАЛХАН юу ч биш санагдах ажгуу.
Гэтэл...
Манай төрийн толгойд байгаа нөхдүүд ямаа хэмээх бэлчээрийн дайсны хэдэн хялгасанд олон тэрбумыг, малын хулгайтай тэмцэх нэрийдлээр бүх малаа кодчилох төсөлд өчнөөн тэрбумыг, шинэ гэрлэгсдэд хэд хичнээн тэрбумыг, хүүхдийн тэтгэлэг хэмээн сонгуулиар тавьсан ам өрөндөө бантахдаа мөн л санаанд багтамгүй тэрбумыг төсөвлөн бидний төлсөн татварыг цацлан урсгаж улсын төсөвт лай ланчиг хураачихаад өнөөдөр төсвийн ажилчдын цалинг 30%, 20% хасан хэмнэлт гаргах юм гэнэ. Базар вааний хум пад суухаа... Уул нь “Уучлаарай! Хямралд өртсөн тул дэмий төсвүүдээ цуцлая” гэчихвэл их л бодож хэдэн гишүүний эрх ашиг л хохироод нилээн дориун хэмнэлт гарах бус уу?
Шийвэр гаргагч эрхэм маань эдийн засаг мэддэггүй юм аа гэхэд энэ чиглэлийн эрдэмтэн мэргэдээр өөрийгээ хүрээлүүлж зөвлөлдөж үгээ бэлддэг баймаар. Нэг бол ийм хачин юм зөвлөсөн эрдэмтэдийн худалдаж гуйж авсан цолыг нь хураан хөөж, гарах замд нь улаан лойлоор шидлэн шившиг болгох нөгөө бол зөвлөхүүдийнхээ мэргэн үгийг сонсож суухдаа эхнэр хүүхэн, эд хөрөнгө бодон шүдээ чигчилж, хумсаа цэвэрлэж хэнэггүйтсэн байх магадлалтай шийдвэр гаргагч эрхэмээс суудал сэнтийгээ хураан авмаараа... Аа би буруутаж... Төрийн ажилтнууд чинь нээрээ цалингийн хэдэн төгрөгийг нь 100% суутгасан ч хотойхгүй л дээ. Зөв шийдвэр байна шүү. Гэхдээ нөгөөдүүл нь цалингаа суутгуулсан хохирлоо мань мэтээс татчихаа мэдэх байлгүй тэ? Авилгатай тэмцэх газрын ажил дийлдэхгүйнээ дээ?
Хөзөр эвлүүлж, хүүхэн эргүүлж, хөрөнгөө зузаатгах АЖИЛТАЙ ажилгүй, аравгар, яравгар нөхдүүдийн армиа цомхотгон хөнгөн шингэн төрийн төлөө оготнодож чадах хэдийгээ авч үлдэн цоо шинэ боловсронгуй арга барилаар ажиллавал догь хэмнэлт гарах нь тодорхой л санагдах юм. Салбар болгоноос идэх санаатайгаар өдөр шөнөгүй лоббидон нэмж байгуулсан хэдэн яамдуудыг нь буулгах нь тэ? Болохгүй юм байна...
Зохиогоод мартаж орхих зориулалттай хууль тогтоомжуудаа нэгэнтээ эргэн харж хямралаас гарах арга замыг хайгаад үзээсэй гэж бодогдох юм. Эдийн засгийг дэмжих зорилгоор хууль тогтоомжуудаа хэсэг хугацаанд өөрчлөн ажиллах хэрэгтэй ч юм шиг. Миний сайн мэдэх салбарын ойрын нэг жишээ 12 цагаас хойш баар савнуудыг хааж ажиллуулахгүй болгож гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн нь хэр үр дүнтэй болсоныг мэдэхгүй юм. Орон байрны гэмт хэргүүд ихэссэн нь дээрхи шийдвэртэй холбоотой ч байж мэдэх.
Орох газаргүй болон орон байрандаа архидахаас өөр аргагүй нөхдүүдэд хяналт тавих боломж тун хязгаарлагдмал л баймаар. Гэр ахуйн хэрэглээний багаж хэрэгсэлүүд гэмт хэрэгтний гарт зэвсэг болон ашиглагдах нь дэндүү түгээмэл нь харагдаад байгаа. За тэр ч яахав...
Уухдаа тулбал хаана ч ууж дөнгөх нь маргаангүй үнэн тул 12 цагаас хойш хэдэн баар ажилласан ажиллаагүй адилдаа адил годилдоо годил л харагддаг шүү. Харин үүнийхээ оронд ажиллах цагийн хязгаарыг арилгаж орхиод гэмт хэргийн үр үндэс гэж тооцоод байгаа баар савуудаа сайтар хяналтдаа авчихвал гэмт хэргүүдээс сэргийлэх боломж өндөр агаад ядаж эдийн засгийг өөд нь татах ЭРГЭЛТ түргэсэх магадлалтай хийгээд гэмт хэргийг таслан зогсооход ихээхэн нэмэр тустай болов уу? Үгүй юу? Ядаж л том дугараад байгаа нөхдүүдийг цагдаа дуудаад тушаачих боломж баар сав болгонд л бий.
Алтан хушуу өргөлгүй гэмт хэрэг хийлгүүлчихсэн тохиолдолд тухай баар савнуудыг хаагаад хаячихдаг ч юм уу хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой бол зүгээр ч юм шиг. За за мэдэхгүй цус... “Хорьсон болгонруу хүн тэмүүлдэг” гэдгийг хууль тогтоомж зохиогчид ухаарахад илүүдэхгүй болов уу? Эсрэгээр нь тэмүүлүүлэх гэж ийм тогтоомж гаргасан байгаад би тэрийг нь олж хараагүй бол сорри. Бусад салбарт иймэрхүү бага бодож шийдсэн хууль тогтоомжууд үйлчилж байгааг мэдэхгүй байгаа тул ингээд өндөрлөе.
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 145
Хазгар бөгтөр хоёр
2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн 3apaaИцмигийн үхэх шахсаныг
уншив. Бүтэлгүй явдалууд мань хүнд хэт их тохиолдоод байх шиг санагддаг
нь юутай холбоотойг мэдэхгүй юм. Хувь заяаны тохиол уу? Бурхан түүнд
хайргүйнх үү? Аль эсхүүл бүтэлгүй явдалуудаа тоох ч үгүй олонд
тайлагначихдагтай нь ч холбоотой юм уу? Бүү мэд... "Гай газар доороос
гахай модон дотроос" гэж тун үнэн үг юм гэдгийг өөрт тохиолдож байсан
явдалуудаа эргэн дурссанаар сайтар ойлгож авлаа. Бодоод байхнээ надад
тохиож байсан хүндрүүлсэн нөхцөл байдлууд Ицмигийнхээс нилээд хол
давчихаж мэдэхээр юм. Санаанд буусан хэдээс бичиж үзье.
Ээж аав
залуу байсных ч биз, завгүй байсных ч биз... Миний хувьд залуу гэр
бүлийн анхны хүүгийн хувиар гологдсондоо л лав биш эмээ өвөө хоёр
дээрээ бага насаа өнгөрүүлэх хувь тохиосон азтай хүн. Гэрэл гэгээтэй
дурсамжууд бүхэнд минь "my hero" эмээ минь том байр суурь эзлэнэ. Бүр
хар багын явдалууд санаанд минь бүүр түүрхэн байдаг ч найдвартай гарт
байсан миний бие бие дааж тэнэх чадвартай болохоос өмнө нэг их
бүтэлгүйтэж байсан явдал ой тойнд алга.
Өвөө минь ертөнцийн мөнх
бусыг үзүүлсэний дараахан нас өндөр гарсан эмээд тусалж дэмжих, хараа
хяналт тавих, ирж очих, хэл ам өгөлцөж авалцахад дөхөмтэй байх үүднээс
өссөн нутаг Сөгнөгөрөө хотын хойморт орших Санзайгаар солилоо. Энэ л үед бие даан тэнэх чадвар эр биенд минь ид жагссан бололтой. Санаанд байгаа
надад тохиолдож байсан бүтэлтэй бүтэлгүй асуудлууд энэ л үеэс эхлэсэн
байх гэж бодогдлоо.
Зуслангийн найзууд гэж сэтгэлээс гарахгүй
сайхан дурсамжийн эзэд байдаг. Миний найзууд "комун" хүүхдүүд голдуу
байдаг байлаа. Гэр орны ажилд сайн, их ухамсартай гэж болохоор ажилсаг
хичээнгүй нөхөд. Уулнаас хуурай гишүү чирч овоолоод эмээ өвөөгийнхээ
өвлийн түлшийг бэлдэх бол энүүхэнд. Асуудлыг хэд гурван төгрөгөөр
шийдээд сурчихсан хүмүүст бол сэтгэл хөдлөм санагдахгүй ч 13-15 насны
хөвгүүдэд бол нилээдгүй хүндхэн хөдөлмөр.
Анхлан модонд явж буй
хүүхдүүд шинэковын хувьд паакталж хуурай нойтон нарс шал дэмий цуглуулж
бүтэлгүй тэнэгээрээ дуудуулж эмээ өвөө нартаа зэмлүүлсэнээр хууччуудыг
бараадаж сургалтад хамрагдан архаг модчингууд болно. Бидний хэдэн
хөвгүүд үлгэр дуурайл болсоноор сүүлийн жилүүдэд нүүн очиж суурьшигчдын
хөвгүүд бүгд "Гишүүчин" болдог байлаа.. Олон хүүхдүүд өдөр болгон уулын
хуурай гишүүг түүсээр байгаад ойр хавьд хөлд торох юмгүй болчихно.
Хуурай гишүүг ширүүн салхи модноос буулгаж бидэнд ойртуулахгүй бол
ганзага хоосон ирэх аюул нүүрлэнэ. Нэгэнт уул гарсан л бол ганзага
хоосон ирнэ гэдэг гутамшигтайд тооцогддог байсан тул нэжгээд уул давж
байж хэд гурван хуурай гишүүний бараа харах энүүхэнд.
Ойрхон
модны захруу шагайхад намайг барих уу даа гэсэн шиг сайхан данагар хар
модны хуурай гишүүнүүд сагсайн хорхой хүргэх бөгөөд өвөг дээдэс болох
сармагчингуудаасаа болхи болж хөгжсөн маниус түүнд хүрч өөрийн болгоно
гэж гонжийн жоо. Зарим нэг маань авирч унаж хөл гараа хугалж нүүр амаа
шалбалсанаар дахиж хуурай гишүүний төлөө хар модруу мацаж болохгүйг
ухамсарласан байлаа. Гэхдээ хорхой хүрсэн хэвээр. Бараг зүүдлэгддэг
байсан байх.
Нэгэнтээ найзтайгаа ярилцаж суугаад хоёул шинэ арга
туршиж үзэхээр шийдэв. Аргачлал ихэд энгийн бөгөөд гурван төө хиртэй
нойтон хар модны хугархай арав гаран метр олс л хэрэгтэй бөгөөд
олсныхоо үзүүрт нөгөөх хар модны хугархайгаа бэхэлж Гүржийн "Дэлхийн
хамгийн хурдан хүн" хэмээх инээдмийн кинонд модруу авирсан нэгнээ
олсоор татаж газарт унагаж авардаг тухай өгүүлдэг хэсгийн аргачлалаар
ажиллах явдал. Уг арга маань машид их амжилт олсон нь бидэн хоёрыг
олзонд шунахад хүргэсэн бөгөөд мөнөөх биднээр тохуу хийгээд "намайг
барихуудаа?" гэж басан хорхой хүргэдэг байсан сайхан мөчирүүддээ
санасны зоргоор хүрдэг боллоо. Бүр хэт ихийг шунан газарт овоолчихоод
гэрлүүгээ үүрч явах гэж нялх биендээ хэтэдсэн ачааг үүрэн шуналын
хүчтэйг гайхан зүтгүүлсээр харих маань ихэд олширлоо. Аливаад шинэ
санаа гэж хэр чухал болохыг эндээс л би анхлан мэдэрч билээ.
"Эр
хүн олзонд" гэгчээр бидний хэдэн нөхдүүд мөнөөх аргаараа гишүүгээ
мултлаад явж байхдаа "Аливаа амжилт эрсдэл дагуулдаг" тухай энэхүү ШБОС
(Шинэ бүтээл оновчтой санал)-оосоо бас л анхлан ойлгож билээ.
Нэг удаа найз бид
хоёр нэг их сайхан бүдүүн гишүүнд шунаж ганцаараа татаад хүч хүрэхгүй
байсан тул "Онь холбож" авлах санаатай хоёр олсоороо оосорлож байгаад
нилээд алсаас зэрэг савлуулан нилээд хэдэн удаа угзчаад дийлсэнгүй.
Сүүлдээ аргаа бараад ядаж олсоо мулталж авъя гээд зэрэг "Нэээг хоооёрын
гууурвааа!!!" гээд уулаар нэг орилоод зүүгдтэл хоёулаа бөгсөөрөө зэрэг
газарт лаг хийн унан юу болсоныг дөнгөж ойлгон дээшээ хартал өнөөх
бүдүүн гишүү угаараа мултран мань хоёрруу дэлхийн татах хүчнээс
хамаагүй хурдтайгаар айсуй... Зэрэг бултан холдохыг хичээсэн боловч
найзын толгой, миний нуруу хоёрт тэгшхэн хүчээр "Лүккк..." хийн
буухуйяа бид хоёр зэрэг "Хггг..." гэж битүүхэн дугарч байгаа сонсогдон
хамаг юм харанхуйлав...
Хэдий хугацаатай хэвтэнийг бүү мэд.
Сэргээд өндийх гэтэл нуруу нил хөндүүр хөдлөх арга алга. Нөгөөх маань ч
өндийж байгаа харагдав. Найз маань толгойгоо барин сүүмийсэн нүдтэй
амьтан их ууртай босож ирээд Монгол бакаалаараа нөгөө муу бүдүүн гишүүг
зад өшиглөн хашраагаад хөл нь ихэд өвдсөн бололтой газарт дахиж унаад
ёолж эхэллээ.
Хэсэг хэвтэж сэхэл аваад бусад цуглуулсан гишүүгээ
хаячихаад нөгөөх муухай бүдүүн гишүүгээ хоёр талаас нь дамжлан нүдэндээ
нулимс цийлэгнүүлэн гэрлүүгээ хазгар бөгтөр хоёр салгаллаа...
26 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 121
